“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ- МИНИЙ БОДОЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ- МИНИЙ БОДОЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт-миний бодол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шилдэг эссэг шалгаруулжээ.

Тэргүүн байранд Дорнод аймгийн 11 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч О.Анударь, дэд байранд “Долоодой” ахлах сургуулийн 10а ангийн сурагч Б.Мөнх-Итгэл, гуравдугаар байранд улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Э.Маргад нар шалгарсан байна.

Уг эссэ бичлэгийн уралдааны гол зорилго нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход сурагчдын хувь нэмрийг оруулах, тэдний бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгджээ.

Тэргүүн байр эзэлсэн сурагч О.Анударийн эссэг хүргэж байна.

“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ МИНИЙ БОДЛООР”

Би цэцэрлэгийн жаахан охин байхдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан юм л даа. Миний хувьд их чимээгүй, дуу муутай, бусадтай харилцахдаа тааруу, найзгүй хүүхэд байсан юм. Тэр үед ихэнх нь хүүхдүүд “Гүнжийн зурагтай үүргэвч” үүрдэг байлаа. Гэвч надад байсангүй.  Тэр л цүнхийг авчихвал найзуудтай болчих юм шиг л санагдсан. Ээжээсээ өчнөөн нэхэж, захисаар тэр цүнхийг авсан боловч надад хандах хандлага нь яг л хэвээрээ өөрчлөгдөөгүй. Найзтай болохын тулд цэцэрлэгийн гадаа ирээд л аавын өгдөг 5 ширхэг чихрийг хэсэг бүлэг охидод хуваадаг байв. Өөрөө идэхийг хүссэн ч тэдэнтэй найзлахын тулд шүү дээ. Тэд миний чихрийг иддэг байсан ч бас л өөрчлөгдөөгүй, надтай найзлаагүй. Цэцэрлэгийн  жаахан хүүхэд ч үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртөж, тэдний бяцхан зүрхэнд  маш том шарх үлдээдэг болохыг бид энэхүү жишээнээс харж болно.

Гэтэл энэ асуудал нас нэмэгдэх тусам хурцдаж, үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. 

Улаанбаатар хотын 9-н дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэгвэл бид үүнийг хэрхэн зогсоож багасгах вэ?

Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх” 2 сарын аяныг “Өсвөрийн цагдаа” бүлгэмээс санаачилан 6-12 дугаар нийт 204 сурагчдын дунд тэдний мэдлэг, ойлголтыг бататгах, нэмэлт мэдээлэл хүргэх, нөлөөллийн үйл ажиллагаануудыг үе шаттай зохион байгуулан, анги бүр ханын самбар байршуулж, тэдний хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх ажлууд амжилттай явагдсан. Сурагчид ч их идэвхтэй хамрагдсан. Энэ үйл ажиллагаанууд нь надад үр дүнтэй, бүтээлч ажил болсон гэж санагдаж байгаа. Дээрх аяны хэрэгжилтээс дараах дүгнэлт гарсан байна. Энэ  дарамт шахалт нь сургуульдаа ирж очих замд, сургуулийн орчинд, олон нийтийн газарт илүү болдог ба сурагчдын гадаад төрх, харилцаа хандлага, гэр бүлийн орчин нөхцөл, нийгмийн байдлаас шалтгаалан үйлдэгддэг. Дарамтанд орсон хүүхдүүд өөртөө итгэх итгэлээ алдах, гадуурхагдсан мэдрэмжийг илүү авдаг гэсэн байна.

Миний бодлоор үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг бодлогын чанартай сургалтыг тогтмол, үе шаттайгаар сургууль бүр хэрэгжүүлэн, сургуулийн дотоод дүрэм, журамд энэ талаар маш тодорхой тусгаж, хүүхдүүдийг 1-р ангид орох үеэс нь эхэлж зааж сургах нь зүйтэй санагдсан. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ, анги удирдсан багштай, нийгмийн ажилтантай нээлттэй, тогтмол харилцаатай байх нь их чухал зүйл бөгөөд сургууль бүр сэтгэл зүйчтэй болох шаардлагатай гэж  бодож байна. Зарим сургуулиудад сэтгэл зүйч ажиллаад эхэлсэн.

Өөртөө итгэлтэй, цовоо сэргэлэн байх, мөн өөрөө үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бат зогсож, зөв байх тусам олон найз нөхөд амьдралд гарч ирдэг. Өмнө нь огт найзгүй байсан би одоо зөв хүрээлэлд, өөрийгөө хөгжүүлж найзуудаасаа суралцаад л явж байна.

Хүүхдүүд ээ! өөртөө итгэлтэй, зөв хандлагатай хүүхэд байгаарай. Мөн өөртөө итгэх итгэл муутай найзыгаа “Энэ угаасаа л ийм байдаг” гэсэн тоомжиргүй хандлагаар битгий хандаарай. Хүн бүхэн ижилхэн биш, хүн бүр ялгаатай байж болно. Тиймээс бусад хүүхдүүд эерэг үйлдэл хийхгүй байсан ч харин чи эхлээд сайхан сэтгэлээр гараа сунгаж, найзалж болно шүү дээ. Эргэн тойронд чинь хэн нэгэн хүүхдэд тусламж хэрэгтэй  харагдаж байгаа бол, эсвэл чамд тусламж шаардлагатай  бол сургуулийнхаа нийгмийн ажилтан,  болоод хүүхдийн тусламжийн утас руу заавал хандаарай.

Зөв байх- зөвхөн өөрөөс эхлэлтэй.